АИ-92-ыг ОХУ-аас тогтмол захиалж, хангамжийг тасалдуулахгүй байхаар тогтлоо
- Jan 5
- 1 min read
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас газрын тосны бүтээгдэхүүний нэгдсэн мэдээллийг 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн байдлаар танилцууллаа. Тодруулбал, Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 853 вагон байгаа бөгөөд АИ-92 автобензин 215 вагон буюу 12900 тонн, АИ-95 автобензин дөрвөн вагон буюу 240 тонн, дизель түлш нь 532 вагон буюу 31920 тонн, ТС-1 онгоцны түлш 33 вагон буюу 1980 тонн болон бусад бүтээгдэхүүн 69 вагон тус тус байгаа аж. Он гарснаар эхний таван өдөрт нийт 15513 тонн АИ-92 автобензин, 19312 тонн дизель түлш тус тус орж ирээд байна. Түүнчлэн, Сүхбаатар боомтоор 181 вагон буюу 11013 тонн АИ-92 автобензин, 312 вагон буюу 19312 тонн дизель түлш, Замын-Үүд боомтоор 75 вагон буюу 4500 тонн АИ-92 автобензин тус тус орж иржээ.
Сүхбаатар өртөөнд 15 вагон, Сайншанд өртөөнд 38 вагон дизель түлш тус тус байгаа бол буух өртөөдийг чиглэсэн замд 70 вагон АИ-92 автобензин, 232 вагон дизель түлш явж байна.
Газрын тосны бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтворжуулах, зохион байгуулах, хяналт тавих үүрэг бүхий төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтарсан зөвлөл 2026 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр хуралдаж, шатахууны үнэ хангамжийн асуудал тэр дундаа АИ-92 төрлийн К2 автобензиний үнийн асуудлыг хэлэлцлээ. Хуралдаанаар хамтарсан зөвлөлийн гишүүдийн саналыг нэгтгэн, дараах зөвлөмжийг гаргахаар тогтов. Үүнд,
АИ-92 төрлийн К2 автобензиний үнийг нэмэхгүй байх зөвлөмжийг бүх шатахуун импортлогч, түгээгч аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж ажиллах
АИ-92 автобензинийг ОХУ-аас тогтмол захиалж, хангамжийг тасалдуулахгүй байх
Газрын тосны бүтээгдэхүүний нөөц, хангамжийн нэгдсэн цахим систем бий болгох, урсгал зардлыг бууруулах, хэмжээг аудитаар баталгаажуулах зэрэгт талууд хамтран ажиллах
Бусад төрлийн шатахууны хувьд олон улсын зах зээлийн үнэд суурилсан уян хатан үнийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахаар шийдвэрлэв.




Comments