top of page

Нийтийн тээврийн орлого энэ онд 20 гаруй тэрбум төгрөгөөр өссөн байна

  • Dec 18, 2025
  • 1 min read

Нийтийн тээврийн орлогыг хянах хүрээнд энэ жилээс 1100 гаруй нийтийн тээвэрт толгой тоологч төхөөрөмж суурилуулсан талаар Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар мэдэгдэж байв. Тодруулбал, нийтийн тээврийн бодлогын газраас иргэдэд үйлчилж буй нийтийн тээврийн орох, гарах хаалганы дээд хэсэгт тус төхөөрөмжийг суурилуулсан. Толгой тоологч төхөөрөмж суурилуулснаар нийтийн тээврийн орлого өмнөх жилүүдээс өссөн байна. Мөн иргэд, жолоочид бэлэн мөнгө өгдөг байснаа больж мөнгөө бэлэн мөнгө хийх зориулалтын хайрцагт хийдэг болжээ.

Энэ талаар Нийтийн тээврийн бодлогын газраас тодруулахад, "толгой тоологч төхөөрөмж суурилуулахаас өмнө картгүй иргэд мөнгөө жолоочид өгөх эсвэл мөнгөний хайрцагт хийдэг байсан. Харин одоо картгүй иргэд төлбөрөө гар утасны аппликейшн болон Umoney карт эсвэл бэлэн мөнгөний хайрцагт 100 хувь хийснээр орлого нэмэгдсэн. Тус цагаан төхөөрөмжийг ашигласнаас хойш жолооч бэлэн мөнгө хурааж авах нь эрс буурсан гэж хэлж болно" гэлээ.

Тухайлбал, өнгөрөгч 2024 онд нийт нийтийн тээврээр 134 сая  зорчигч зорчсон бол энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар 156 сая зорчигч үйлчлүүлжээ.

Иргэд бэлэн мөнгөө зориулалтын хайрцагт хийж эсвэл төлбөрийн олон арга ашиглаж нийтийн тээврээр зорчих төлбөрөө төлдөг болсноор нийтийн тээврийн орлого өмнөх жилээс 69 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

2024 онд нийтийн тээврийн орлого 30 тэрбум төгрөг хүрсэн бол 2025 оны арваннэгдүгээр сарын байдлаар 51 тэрбум төгрөг болж нэмэгджээ. Мөн нийтийн тээврийн бодлогын газраас нийт зорчигчдын тав тухыг хангаж, нийтийн тээврийн цэвэр, аюулгүй байдлыг бүрдүүлж ажиллаж байна. Мөн иргэдийн зүгээс ирж буй санал гомдлыг хүлээн авч шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна гэж албаныхан мэдээлэв.

Нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд нийслэлд 1100 нийтийн тээвэр иргэдэд 1000 төгрөгөөр үйлчилж байна. Мөн автобусны картгүй иргэд банкны NFC болон нийтийн тээврийн бодлогын газраас гаргасан аппликейшн ашиглан үйлчлүүлэх боломжтой юм. 



Comments


bottom of page