УИХ-ын гишүүн Б.Найдалаа: Эрүүл мэндийн даатгалын санг шинэчлэхгүйгээр эмчийн цалинг нэмэх боломжгүй
- Эрдмийн далай сонин
- Nov 11
- 1 min read
УИХ-ын гишүүн Б.Найдалаа өнөөдөр /2025.11.11/ сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тэрбээр эмч нарын цалин нэмэх шаардлага, ажил хаялттай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлэв.

“Эрүүл мэндийн даатгалын сан буюу санхүүгийн тогтолцоог нь шинэчлэхгүйгээр эмчийн цалинг нэмэх боломжгүй. Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн энэ асуудлыг ХҮН намын зөвлөлд танилцуулсан. Бид Хүний хөгжил байнгын хорооны түвшинд салбарын сайд болон мэргэжилтнүүдтэй ярилцсан” гэж Б.Найдалаа хэллээ.
Түүний хэлснээр, эрүүл мэндийн даатгалын санг сайд өөрөө удирдаж байгаа нь буруу тогтолцоо бөгөөд “сан бие даасан, хараат бус байх ёстой” гэж онцолсон юм.
“Нэг хүн жилд 300 гаруй удаа эмнэлэгт үзүүлсэн гэдэг мэдээлэл бий. Энэ бол энгийн үзэгдэл биш. Аль нэг шатанд хэтрүүлэн бичилт, эсвэл ашиг сонирхлын асуудал байгаа. Өдөр бүр эмнэлэгт үзүүлээд явдаг хүн гэж байхгүй. Энэ бол хулгайн шинжтэй үйлдэл” хэмээн тэрбээр дурдав.
Мөн тэрээр эрүүл мэндийн байгууллагын хяналт, удирдлагын тогтолцоог цахимжуулах, хуулийн шинэчлэл хийх шаардлагатай гэдгийг хэлээд:
“Эмнэлгийн удирдлагыг хэн нэгэн дээрээс томилдог байдлаа зогсоох ёстой. Сангийн шинэчлэл хийгдвэл эмнэлгийн дарга нар өөрсдөө гүйцэтгэлдээ үндэслэн эмчийнхээ цалинг нэмэх боломжтой болно” гэв.
Түүнчлэн тэрбээр боловсролын салбарынхны цалин нэмэх асуудалд ч хандаж, дараах байр суурийг илэрхийлэв.
“Сая багш нар цалингаа нэмүүлэхийн тулд жагсаал хийсэн. Энэ нь бодлогын дэмжлэггүйгээр аргагүйдэж хийсэн алхам. Үүнтэй адил эрүүл мэндийн салбарт шинэчлэлгүйгээр зөвхөн цалин нэмэх шийдвэр гаргах нь түр зуурын арга хэмжээ болно” гэж Б.Найдалаа хэллээ.



Comments