top of page

Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газарт хийсэн аудитаар 420 сая төгрөгийн хууль бус цалин олгосон зөрчил илэрчээ

  • Writer: Эрдмийн далай сонин
    Эрдмийн далай сонин
  • Nov 11
  • 1 min read

Үндэсний аудитын газар 2025 оны гуравдугаар сарын 25-нд Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын 2024 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, “хязгаарлалттай дүгнэлт” гаргасан байна.


ree

Аудитын дүгнэлтэд дурдсанаар, тус газрын 2024 оны санхүүгийн тайлан нь ерөнхийдөө үнэн зөв боловч тодорхой зөрчил, алдаа илэрсэн байна. Тухайлбал:

  • Батлагдаагүй нэмэлт санхүүжилтийн дансанд 1.57 тэрбум төгрөг төвлөрүүлж, зарцуулсан;

  • Харьяа байгууллагуудын 913.4 сая төгрөгийн зардлыг Ерөнхий газрын төсвөөс хууль бусаар санхүүжүүлсэн;

  • 315.6 сая төгрөгийн үндсэн хөрөнгө, 107 сая төгрөгийн бараа материалын тооллого хийгдээгүй;

  • Батлагдаагүй орон тоонд 18 хүн ажиллуулж, 420 сая төгрөгийн цалин, шимтгэл олгосон;

  • 270.9 сая төгрөгийн гүйлгээнд анхан шатны баримт дутуу, нотолгоо бүрдээгүй зэрэг зөрчил илэрчээ.

Аудитын байгууллага мөн 316.1 сая төгрөгийн бараа материал буруу ангилалтай бүртгэгдсэн гэж дүгнэсэн байна.

2024 онд тус газрын нийт орлого 12.7 тэрбум төгрөг байсан бөгөөд үүний:

  • 6.97 тэрбум нь дээд шатны төсвийн хуваарилалт,

  • 3.43 тэрбум нь Засгийн газар, Засаг даргын нөөц сангаас,

  • 352.6 сая төгрөг нь хандив, тусламжаас бүрдсэн байна.

Нийт зарцуулалт 12.13 тэрбум төгрөг, үлдэгдэл 534.3 сая төгрөгийг улсын төсөвт буцаан төвлөрүүлжээ.

Онцлох ажлуудаас дурдвал:

  • “Олон улсын найрамдал цогцолбор”-ын их засварт 6.2 тэрбум төгрөг,

  • “Өнөр бүл” хүүхдийн төвийн хөрөнгө оруулалтад 1.7 тэрбум төгрөг зарцуулсан байна.Мөн “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийн хэрэгжилтийн хүрээнд сургалт, стандарт, сурталчилгаанд 225.2 сая төгрөг зарцуулжээ.

Аудитын байгууллага дүгнэхдээ:

“Тус газрын санхүүгийн тайлан үндсэндээ үнэн зөв боловч орлого, зарцуулалт, хөрөнгийн бүртгэл, тооллого, баримтын бүрдэл, баталгаажуулалт хангалтгүй байна. Энэ нь санхүүгийн сахилга, хяналт, дотоод аудитын тогтолцоо сул байгааг харуулж байна” гэжээ.

Comments


bottom of page