top of page

Эмч, сувилагчдын цалинг нэг шатлалтай болгоход 150 тэрбум төгрөг шаардлагатай

  • Apr 15
  • 2 min read

Засгийн газрын хуралдаанаар бизнесийн орчныг дэмжих, эрүүл мэндийн салбарын цалингийн тогтолцоог тодорхой болгох зэрэг асуудлыг хэлэлцэв. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар сайд нар өнөөдөр /2026.4.15/мэдээлэл хийв.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар:

– Эмч нарын цалингийн асуудал төөрөгдөл үүсгэсэн. Энэ нь хоёр цалинтай болсон мэт ойлголт бий болгож байна. Үнэндээ эмч нар суурь цалин авдаг бөгөөд мөн нэмэгдэл цалин авдаг. Нэмэгдэл цалинг өмнөх суурь цалингаас тооцож олгодог. Харин хүн амын орлогын албан татварыг үндсэн цалингаас тооцон төлдөг. Ийм нөхцөл байдал үүссэн шалтгаан нь хоёр өөр Засгийн газрын тогтоолтой холбоотой. Эдгээр тогтоолд эмч нарын цалинг 75 хувиар нэмэгдүүлэхээр тусгасан. Гурван талт хэлэлцээрийн дагуу сайд нар өөрийн багцдаа багтаан нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Харин 225 дугаар тогтоолд нэмэгдэл цалинг өмнөх цалингаас тооцно гэж заасан.

Өнөөдрийн байдлаар их эмчийн үндсэн цалин 2 сая төгрөг болсон өмнө нь 1.5 сая төгрөг байсан. Нэмэгдлийг тооцвол дөрөвдүгээр сарын 1-нээс авсан цалин дунджаар 800 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Харин шинэ суурь цалингаас тооцвол зөрүү нь 200 мянган төгрөг байна. Ахлах
сувилагчийн хувьд цалингийн зөрүү 275 мянган төгрөг гарчээ.

Эрүүл мэндийн салбарынхны цалинг нэгтгэн, нэг шатлалтай болгоход 150 тэрбум төгрөг шаардлагатай байна. Гэвч энэ мөнгө улсын төсөвт тусгагдаагүй. Учир нь эрүүл мэндийн байгууллагуудын цалинг тусгай багцаар бус, гүйцэтгэлд суурилан санхүүжүүлдэг. Нийтдээ 39 мянган эмч, сувилагч ажиллаж байна. Энэ 150 тэрбум төгрөгийг хэрхэн бүрдүүлэх талаар судалгаа, менежментийн ажлыг хийж байна. Цогц арга хэмжээ авч, салбар дотроо хэмнэлт хийснээр эмч, сувилагчдын цалинг нэг шатлалтай болгохоор тооцоолж байна. Нэгдүгээрт, лавлагаа шатлалын ачааллыг бууруулах шаардлагатай. Одоогоор нэгдүгээр болон гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд зайлшгүй шаардлагагүй иргэд ихээр хандаж байна. Үйлчлүүлэгчдийн 70 орчим хувь нь анхан шатны үзлэгт хамрагдах боломжтой хүмүүс байна. Иймээс анхан шатны эрүүл мэндийн байгууллагын чадавх, хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Ингэснээр иргэд өвдсөний дараа бус, урьдчилан сэргийлэх хяналтад орох боломж бүрдэнэ. Үүний үр дүнд эрүүл мэндийн даатгалын сангийн ачаалал буурч, ойролцоогоор 40 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна.

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд санхүүжилтийг хоёр зарчмаар авдаг. Тухайн хорооны хүн амын тоо болон үзүүлсэн үйлчилгээний хэмжээгээр санхүүждэг. Иймд орон нутгийн иргэд заавал Улаанбаатар хотод ирэлгүйгээр, анхан шатны үзлэгийг орон нутагтаа авах боломжийг бүрдүүлнэ.

Хоёрдугаарт, эмийн үнийн багцыг оновчтой болгох шаардлагатай. Улсын төсвөөс санхүүждэг эмнэлгүүд жил бүр 300 тэрбум төгрөгийн эм худалдан авдаг. Гэвч эмнэлэг бүр тус тусдаа тендер зарлаж, өөр өөр үнээр худалдан авалт хийж байна. Жишээлбэл, ижил төрлийн хорт хавдрын эмийг нэг эмнэлэг 1.8 сая төгрөгөөр, нөгөө нь 3.4–3.7 сая төгрөгөөр худалдан авч байна. Хэрэв нэгдсэн худалдан авалтын тогтолцоонд шилжүүлбэл өртөг буурна. Тооцоогоор 300 тэрбум төгрөгийн 10 хувийг хэмнэх боломжтой. Мөн иргэдэд очих эмийн өртөг буурна. Одоогоор Эрүүл мэндийн даатгалын сангаас 669 төрлийн эмийг хөнгөлдөг. Гэвч эдгээрийн дунд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад бүртгэлгүй, олон улсын эмнэлзүйн удирдамжид багтаагүй эмүүд байна. Иймээс зохицуулалтыг сайжруулж, хатуу хяналттай улс орнуудад бүртгэлтэй, чанартай эмийн хөнгөлөлтийг нэмэгдүүлнэ. Харин чанаргүй эмийн хөнгөлөлтийг бууруулж, хэрэглээнээс аажмаар шахан гаргах бодлого баримтална.




Comments


bottom of page