top of page

"26 гаалийн улсын байцаагчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэн, шалгаж байна"

  • Jan 15
  • 1 min read

Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс гаалийн алба хаагч нартай холбоотой хариуцлагын асуудал, зарим алба хаагчийг албан үүргээс нь түдгэлзүүлсэн асуудлаар өнөөдөр /2026.01.15/ тус хэлтсийн ахлах байцаагч Б.Одгэрэл мэдээлэл өглөө.

Тэрбээр "Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар холбогдох хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа гэх үндэслэлээр нийт 26 албан хаагчийг гаалийн улсын байцаагчийн албан тушаалаас түр түдгэлзүүлсэн. Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалт явуулж, Авлигатай тэмцэх газраас өгсөн мэдээллийн дагуу нэг албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулсан.

Өнөөдрийн байдлаар дээрх 26 албан хаагч хуулийн байгууллагад шалгагдаж байгаа учраас илүү нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Холбогдох байгууллагууд шалгаж дууссаны дараа мэдээлэл өгөх байх. Замын-Үүд дэх гаалийн газрын даргыг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн талаар мөн мэдээлэл өгөх боломжгүй байна.

Гаалийн тухай хуулийг зөрчсөн гэж үзсэн тохиолдолд Гаалийн ерөнхий газрын Дотоод хяналт, аюулгүй байдлын хэлтсээс шалгалт явуулдаг. 2024 оны байдлаар 72 орчим, 2025 онд 63 гаалийн улсын байцаагчид сахилгын хариуцлага тооцсон. Эдгээр нь ихэвчлэн албан тушаалдаа хайнга хандсан, бусдад давуу байдал олгосон зэрэг зөрчлүүд байдаг. Бусад авлигын шинжтэй хэргүүдийг холбогдох хуулийн байгууллагууд шалгадаг" гэлээ.



Comments


bottom of page