top of page

АН: Эдийн засгийн эрх чөлөө, авлигатай тэмцэх чиглэлээр хуулийн өөрчлөлтүүдийг хаврын чуулганаар өргөн барина

  • Feb 26
  • 2 min read

Ардчилсан Нам-аас “4:11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурлыг өнөөдөр /2026.02.26/ зохион байгуулж, цаг үеийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдал болон намын дотоод шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

АН-ын дарга О.Цогтгэрэл хэлэхдээ, өнгөрсөн жил Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьжиргаанд сөрөг өөрчлөлт гарч, бодит орлого буурсан гэж дүгнэв. Түүнчлэн авлигын нөхцөл байдал дордож, Монгол Улс авлигын индексээр сүүлийн 10 жилд 50 байр, зөвхөн өнгөрсөн нэг жилийн хугацаанд 10 байраар ухарсан нь засаглал, төрийн өмч, шүүхийн тогтолцооны асуудалтай холбоотой гэж үзэж байгаагаа илэрхийллээ.

Тэрбээр “Бид зөвхөн асуудлыг шүүмжлэх бус тодорхой шийдлүүдийг боловсруулж байна. Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн хэлэлцүүлгийг эхлүүлсэн. Мөн Төрийн болон албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, нууцын ангиллыг хязгаарлах, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр нэмэлт, өөрчлөлтийг Засгийн газарт өргөн барихад бэлэн болсон. Системийн авлигатай тэмцэх суурь өөрчлөлт шаардлагатай гэж үзэж байна” гэлээ.

Мөн АН-ын дотоод шинэчлэлийн хүрээнд гишүүнчлэлийн бүртгэл, намын дүрмийн өөрчлөлт хийгдэж байгааг онцолж, ардчиллын үнэт зүйлсийг дэмжигчдийг үзэл санааны хүрээнд нэгдэхийг уриалсан юм.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид Засгийн газарт хариуцлага тооцох асуудлаар тодруулга авахад АН-ын дарга О.Цогтгэрэл “Засгийн газрын үйл ажиллагааг үр ашиггүй гэж үзэж байгаа. Төрийн бүтцийг цомхон, бүтээмжтэй болгох шаардлагатай. Засгийн газрыг огцруулах санал гаргах хэмжээнд хүрэх гарын үсгийг бид цуглуулсан. Хэрэв хаврын чуулганы эхэнд эрх баригчдаас дорвитой арга хэмжээ авахгүй бол бидний тавьсан зарчмын шаардлага хэвээр байна” гэж мэдэгдэв.

Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан намын гишүүнчлэлийн цахим бүртгэлтэй холбоотой асуудлаар тайлбар өгөхдөө “Бид иргэдийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос авсан. Энэ нь хууль бус үйлдэл биш. Харин иргэд өөрсдийн мэдээллийг ил болгож байсан тул түр хугацаанд зохицуулалт хийсэн” хэмээн мэдэгдлээ.

АН-ын зүгээс эдийн засгийн эрх чөлөөг нэмэгдүүлэх, авлигатай тэмцэх эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаагаа ийнхүү мэдэгдэв.



Comments


bottom of page