Б.Энхбаяр: Гал морин жил авлигын эсрэг ёс зүйн хувьсгал хийх үе байх ёстой
- Feb 27
- 2 min read
МАН-ын хоёрдугаар бага хуралдааны үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр сэтгүүлчдийн асуултад хариулж, авлигын эсрэг тэмцэл, хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа болон олны анхаарал татсан хэргүүдийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, “Манай намын хувьд төрийн өндөр албан тушаал хашиж байгаа болон хашиж байсан олон хүн авлига, албан тушаалын хэрэгт холбогдон яллагдагчаар татагдсан. Ийм нөхцөлд бид зарчмын өөрчлөлт хийх цаг болсон. 1990 оны гал морин жил ардчилсан хувьсгалын жил байсан бол энэ удаагийн гал морин жил авлигын эсрэг ёс зүйн хувьсгал хийх үе байх ёстой гэж харж байна” хэмээн онцлов.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн ёс зүйн хариуцлагыг чангатгаж, эгүүлэн татах эрх зүйн орчныг бүрдүүлэх хуулийн төсөл санаачилж байгааг дурдлаа. Намын удирдлагын зүгээс ч авлигын хэрэгт холбогдсон хүмүүсийн талаар улс төрийн хариуцлага тооцох хатуу бодлого баримталж байгааг хэлэв.
Тэрээр яллагдагчаар татагдсан хүмүүст авдаг таслан сэргийлэх арга хэмжээний талаар тайлбарлахдаа, “Яллагдагчаар татагдсан хүмүүсийг шууд чөлөөлж байна гэж ойлгож болохгүй. Хилийн хориг тавих, мөнгөн барьцаа авах, батлан даалтад гаргах, цагдан хорих зэрэг арга хэмжээг шүүх шийдвэрлэдэг. Хилийн хориг тавьсан нь тухайн хүнийг гэм буруугүйд тооцсон гэсэн үг биш” гэв.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Мөнхбатын тухайд, Монгол Улсад ирэх үед нь хилийн хориг байгаагүй бөгөөд шүүхийн шийдвэрийн дагуу дараа нь цагдан хорих болон хилийн хориг тавих арга хэмжээ авсан гэдгийг дурдлаа. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
“Смарт эко транс” компанитай холбоотой асуудлын хүрээнд өнгөрсөн долоо хоногт танилцуулга хийгдсэн бөгөөд уг компанид газар олгосон шийдвэрийг хүчингүй болгох Ерөнхий сайдын захирамжийн төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахаар төлөвлөж байгааг мэдээлэв.
Мөн нүүрсний хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн зарим албан тушаалтны ялын хугацаа дуусах дөхөж байгаагийн дотор Т.Аюурсайханы 2.6 жилийн хорих ялын хугацаа дуусах гэж буйг дурдсан юм.
УИХ-ын гишүүн Сайнзоригийг яллагдагчаар татсан гэх мэдээллийн талаар “Прокурорын тогтоолоор яллагдагчаар татсан гэх мэдээлэл байгаа. Тухайн хэргийг бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангиар шалгаж байна” гэлээ.
Харин Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нарыг албадан авчрах боломжийн талаар “Тэд АНУ-д байгаа. Монгол Улс АНУ-тай яллагдагчийг шилжүүлэн авах гэрээгүй. АНУ ийм төрлийн гэрээг хязгаарлагдмал байгуулдаг онцлогтой тул албан ёсны шилжүүлэн авах ажиллагаа хүндрэлтэй байдаг. Гэсэн ч дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж байгаа” гэж тайлбарлав.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Л.Энхамгалангийн гэр бүлийн компанитай холбоотой шалгалтын талаар одоогоор албан ёсны мэдээлэл ирээгүй байгааг хэлж, цагдаагийн байгууллагад ийм шалгалт явагдаж байгаа талаарх баталгаатай мэдээлэл байхгүй гэдгийг онцоллоо.




Comments