top of page

Баяр далимдуулж үнэ нэмбэл Зөрчлийн хуулиар торгоно

  • Feb 4
  • 1 min read

Баяр ёслолын өдрүүд ойртох үеэр зах, худалдааны төвүүдэд хүнсний болон өргөн хэрэглээний барааны үнэ огцом нэмэгддэг. Эдийн засгийн нөхцөл байдал хүндрэлтэй, иргэдийн орлого хангалтгүй байгаа ч баярыг өргөн тэмдэглэх уламжлалаас үүдэн энэ байдалд олон хүн арга буюу дасан зохицдог.

Гэвч зарим худалдаа эрхлэгчид үүнийг ашиглан эрэлт ихтэй барааныхаа үнийг үндэслэлгүйгээр нэмдэг. Тухайлбал, захуудад цагаан сарын баярыг угтан хонины ууц болон бусад хүнсний бүтээгдэхүүний жин, хэмжих нэгж, үнэ тарифын талаар бодит бус мэдээлэл өгч, үнийг хөөрөгдөн борлуулах тохиолдол цөөнгүй байна.

Хуульд зааснаар үйлдвэрлэгч, импортлогч үнээ нэмээгүй байхад худалдагч дур мэдэн үнэ өсгөсөн бол Зөрчлийн тухай хууль үйлчлэх ёстой. Тодруулбал, Зөрчлийн тухай хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулиар,

  • Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “… барааныхаа талаар хэрэглэгчид дор дурдсан мэдээлэл өгнө” гэж, 7.2.4-т “барааны нэр төрөл, үнэ” гэж, 7.2.5-т “барааны хэмжээ, хэмжих нэгж”,

  • Зөрчлийн тухай хуулийн 10.2 дугаар зүйлийн 2-т “Үйлдвэрлэгч, худалдагч, гүйцэтгэгчийн үүргээ хэрэгжүүлээгүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний /500 мянган төгрөг/ төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний /5 сая төгрөг/ төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан байдаг.

Өөрөөр хэлбэл хуульд барааны нэр, үнэ, хэмжээ, хэмжих нэгжийг үнэн зөв мэдээлэх үүргийг худалдагч хүлээдэг бөгөөд үүнийг зөрчсөн тохиолдолд иргэн 500 мянга, хуулийн этгээдэд 5 сая төгрөг хүртэлх торгууль ногдуулах боломжтой.

Түүнчлэн зохиомол үнэ нэмсэн тохиолдолд иргэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хандаж, зах, худалдааны төв, лангуу, бүтээгдэхүүний талаарх мэдээллийг өгөх бүрэн эрхтэй юм. Мөн НӨАТ-ын баримт олгоогүй, эсвэл үнийн зөрчил гаргасан асуудлаар гомдол гаргах боломжтой байдаг.



Comments


bottom of page