top of page

Битүүн болон шинийн нэгэнд цасаар шуурч болзошгүй

  • Feb 4
  • 1 min read

Сар шинийн үеэрх цаг агаарын төлөв байдлыг танилцуулъя.

-Баруун аймгуудын нутгаар нэгдүгээр сарын 23,24-өөс хүйтний эрч суларсан. Энэ төлөв байдал хоёрдугаар сарын эхний хоногуудад үргэлжилж байна. Гэвч энэ сарын дөрвөнөөс төвийн болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, нутгийн баруун өмнөд хэсэг болох Ховд, Говь-Алтай, Баянхонгор аймгийн өмнөд хэсгээр цас орж хүйтрэх төлөв ажиглагдаж буй.

Үргэлжлүүлэн энэ сарын 7,8-аас нутгийн зарим хэсгээр цас орж, хүйтрэх төлөв ажиглагдаж байгаа бөгөөд 10-аас эхлэн ихэнх нутгаар хүйтэн өдрүүд үргэлжилнэ.

Гол хүйтрэх үе нь хоёрдугаар сарын хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе. Тус үед цагаан сарын битүүн болон шинийн нэгний өдрүүд орж байгаа бөгөөд зарим газраар цастай, цасан шуургатай байх магадлал өндөр байгаа. Сар шинийн баяр дөхөхөөр ЦУОШГ-аас богино хугацааны төлөв гаргадаг тул түүнээс илүү нарийвчилсан мэдээллийг авч ашиглахыг зөвлөж байна.

Хоёрдугаар сарын хувьд агаарын температур төвийн аймгуудын нутаг болон зүүн аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн. Тодруулбал Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгийн зүүн хэсгээр болон Дундговь, Дорноговь аймгийн хойд талаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөв гарсан. Хур тунадасны хувьд төвийн болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу цас орохоор бол баруун аймгуудын нутаг буюу Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага хур тунадас орно.

Хоёрдугаар сарын 23,24-ний үеэр нийт нутгаар дулаарах төлөвтэй байгаа. Энэ жил төв болон зүүн аймгийн нутгаар олон жилийн дунджаас хүйтэн жил болж байгаа бол баруун аймгуудын ихэнх хэсэг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас харьцангуй дулаан байна. Бусад нутгаар буюу төвийн ихэнх нутгаар олон жилийн дундаж орчим байгаа.



Comments


bottom of page