Боловсролын сайд П.Наранбаяр: Монгол сурагчид англи хэлний мэдлэгээрээ 116 орноос 84-т эрэмбэлэгдсэн
- Jan 13
- 2 min read
Хиймэл оюун ухаанд суурилсан “EF EFEKT” онлайн англи хэлний сургалтын төсөл өнөөдөр /2026.1.13/ нээлтээ хийв.
Боловсролын сайд П.Наранбаяр хэлэхдээ “Шинжлэх ухаан технологийн хурдацтай хөгжилд англи хэлийг дэлхийн нийтийн мэдээллийн хэл гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Англи хэлийг зөвхөн нэг хичээл биш дэлхийд гарах цонх гэдгээр нь харах хэрэгтэй. Нийгмийн хөгжлийг дагаад боловсрол, хөдөлмөрийн зах зээл олон улсын хамтын ажиллагааны бүхий л салбарт англи хэлийг нэхдэг болж байгаа. Англи хэл эзэмшихийг цаг үе биднээс шаарддаг болж байна. Англи хэлийг 1992 оноос хойш монголын боловсролын салбарт оруулж ирсэн. Харамсалтай нь Дэлхийн банкны 2025 онд хийсэн судалгаагаар Монгол Улсад суралцагчдын англи хэлний мэдлэг шалгах сорилын эрэмбээр 116 орноос 84-т эрэмбэлэгдсэн. Ийм учраас бид маш анхаарах хэрэгтэй.
УИХ-аас 2023 онд баталсан “Боловсролын ерөнхий хууль”-д сургалтын үндсэн гадаад хэлийг англи хэл байхаар тусгаж өгсөн. Үүнтэй холбогдуулаад өнгөрсөн хичээлийн жилийн ЕБС-ын гуравдугаар ангиас эхлэн англи хэлийг нэмэлт хөтөлбөрөөр зааж байгаа.
Хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс олон улсын түншлэл, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж, англи хэлний боловсролыг хөгжүүлэх зорилгоор АНУ-ын элчин сайдын газартай хамтран “Англи хэлний мэргэжлийн төв”-ийг МУИС-д байгуулж, үйл ажиллагааг нь жигдрүүлсэн. Мөн НҮБ-ын хүүхдийн сантай хамтран алслагдсан орон нутгийн англи хэлний багш нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх төслийг сүүлийн хоёр жилийн хугацаанд зохион байгуулж байна. Хот, хөдөөгийн боловсролын чанарт үүсч байгаа ялгааг бууруулах үүднээс иргэдийн бие даан суралцах боломжийг дэмжсэн цахим боловсролын тогтолцоог өргөн хүрээтэй хөгжүүлэх нь боловсролын салбарын зорилт болж байгаа. Үүний хүрээнд бүтээмэл оюуныг ашигласан англи хэлний “EF EFEKT” аппликэйшин бүтээсэн нь маш чухал ач холбогдолтой. Бүтээмэл оюун гэдэг биднийг хөтөлдөг хөтөч болсон” гэлээ.
Мөн УИХ-ын гишүүн С.Амарсайхан “Бүс нутагтаа төдийгүй олон улсад эдийн засгийн өрсөлдөх чадвараа хөгжүүлэхийн тулд тогтвортой бөгөөд ил тод нээлттэй, гадаад бодлогоор дамжуулан олон талт хамтын ажиллагаагаар өргөжүүлэх бодлогыг төр засгийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа. Тийм учраас иргэд бид энэ бодлогоос хоцрохгүйн тулд дэлхийн хэл болсон англи хэлийг төгс эзэмших зайлшгүй шаардлагатай гэж үзэж байгаа. Дэлхийн амжилттай ажиллаж буй компаниудын 80 хувь нь англи хэлийг өдөр тутмын үйл ажиллагааны хэрэглээ болгон ашиглаж байгаа үүний үр дүнд 87 хувь нь ашиг орлогоо нэмэгдүүлж, амжилттай үйл ажиллагаагаа тэлж байгаа” гэв.




Comments