top of page

Дэд сайд нараа татахгүй бол Ерөнхий сайдыг огцруулах бичгийг УИХ-д өргөн барина

  • Dec 22, 2025
  • 2 min read

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл: 2015 оны аравдугаар сарын 30-ны өдөр УИХ-аас Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулж, дэд сайдгүй ажиллана гэсэн зохицуулалтыг тухайн үед АН-ын Засгийн газар баталж байсан. Харин 2016 оны сонгуулийн дараа, МАН олонх болсны дараа буюу 2016 оны 7 дугаар сарын 21-нд Засгийн газрын тухай хуульд дахин өөрчлөлт оруулж, дэд сайдтай байна гэсэн заалтыг МАН оруулсан. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль энэ гэдгийг Ерөнхий сайд өөрөө ч хэлж байгаа.

Монгол Улсад 4000-5000 орчим төрийн албаны орон тоо хоосон байна. Энэ нөхцөлд дэд сайдын орон тоог зайлшгүй шаардлагатай мэт тайлбарлаж байгаатай бид санал нийлэхгүй. Бидний байр суурь тодорхой. Хэрэв дэд сайдын асуудлыг хуульд Ардын нам оруулсан бол, түүнийг хасах, танах ажлыг ч мөн эрх баригч Ардын нам, Засгийн газар өөрсдөө хийх ёстой.

Манай шаардлага хэвээр. Энэ долоо хоногт Засгийн газар, УИХ-ын олонх дэд сайдын асуудлаа буцаан татахгүй бол Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн барина. Уг бичгийг 32 гишүүний гарын үсгээр өргөн барих боломжийг ч өнөөдөр бүрдүүлж магадгүй. Энэ долоо хоногийн дотор дэд сайдын асуудлаа эргэн татах шаардлагыг албан ёсоор тавьж байна.

Мөн сайд нараас асуух ёстой нэг зүйл бий. Хэрэв дэд сайдгүй бол ажлаа хийж амжихгүй байна гэж үзэж байгаа бол тэр сайд өөрөө ажлаа өгөх ёстой. Ачааллаа даахгүй байна гэдэг бол хариуцлага хүлээх л асуудал.

Эцэст нь нэг зүйлийг тодотгоё. 2026 оны улсын төсөвт “дэд сайд” гэдэг орон тоо, түүнийг дагасан цалин хангамжийн зардал огт тусгагдаагүй. Өөрөөр хэлбэл, 2026 оны Монгол Улсын төсөвт дэд сайд ажиллуулах ямар ч төсөв, санхүүжилт байхгүй.

Түүнчлэн, хэрэв дэд сайд үнэхээр сайдыг орлож ажиллах үүрэгтэй гэж үзвэл Засгийн газрын тухай хуульд сайдыг дэд сайд орлож ажиллана гэсэн зохицуулалт байхгүй. Жишээлбэл, Сангийн сайд УИХ-д төсөв танилцуулах боломжгүй үед дэд сайд нь орж ирж танилцуулдаггүй, харин өөр сайд орлож танилцуулдаг. Энэ зохицуулалт бүх салбарт ижил үйлчилдэг.

Дэд сайд гэдэг албан тушаал өнөөгийн хууль, бодлогын хүрээнд үнэхээр ямар шаардлагатай, хэрэгцээтэй албан тушаал вэ гэдэг асуудлыг олон талаас нь нухацтай авч үзэх ёстой гэж үзэж байна. 

2025 оныг цөөн үгээр дүгнэвэл, ард түмний амьдралд “улаан гэрэл” ассан, харин албан тушаалтнуудын хувьд “ногоон гэрэл” үргэлжлэн ассан ийм жил байлаа" гэв.



Comments


bottom of page