Ж.Чинбүрэн: ХДХВ/ДОХ-ын халдвартай 12 иргэн хяналтад орохгүй алдагдсан нь үнэн
- Dec 25, 2025
- 1 min read
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн: Дархлалын олдмол хомсдолын хам шинж үүсгэдэг вирусийн халдвартай 12 иргэн хяналтаас алдагдсан мэдээлэл байна. Үүнтэй холбоотойгоор Засгийн газарт асуудлыг оруулж, Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтарсан ажлын хэсгийг Эрүүл мэндийн яамнаас байгуулсан. Эдгээр иргэдийг илрүүлж, хяналтад оруулах нь маш чухал. Учир нь вирусийн эсрэг эмийг тогтмол хэрэглэхгүй бол халдварыг бусдад тараах эрсдэлтэй.
Энэ үйл ажиллагаанд өвчтэй иргэдийн нууцлалыг дээд зэргээр хангаж ажиллаж байгааг онцлон хэлье. Хэрэв өөрийгөө хяналтаас гарсан байж болзошгүй гэж үзэж байгаа иргэн ХӨСҮТ-д заавал хандаж, хяналтад орж, ретровирусийн эсрэг эмчилгээ хийлгэх шаардлагатай. Вирусээ дарангуйлж чадвал бусдад халдвар тараахгүй.
Монгол Улсад ДОХ, сүрьеэ болон бусад халдварт өвчний эсрэг тэмцэхэд ДЭМБ-ын харьяа байгууллагууд, олон улсын хандивлагчид, тэр дундаа Глобал сан чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Жил бүр ойролцоогоор 20 гаруй сая ам.долларын санхүүжилтийг эдгээр өвчинтэй тэмцэхэд олгодог. Энэхүү санхүүжилтийг зөв, үр дүнтэй зарцуулах, зарцуулсан хөрөнгө бодит үр дүнд хүрсэн байх нь маш чухал.
Үүнтэй холбоотойгоор үр дүнг шалгах ажлууд хийгдэж, Глобал сангийн Ази, Номхон далайн бүсийг хариуцсан удирдлагуудтай уулзсан. Цаашид Глобал сангийн зохицуулагчийг олон нийтэд нээлттэй сонгон шалгаруулах урилгыг өнөөдрөөс албан ёсоор түгээж байна.




Comments