ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаярыг АТГ шалгаж байна
- 3 days ago
- 2 min read
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн гаргасан гомдол мэдээллийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаярт холбогдох асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэх мэдээллийг өнөөдөр /2026.04.08/ Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын Олон нийттэй харилцах ажилтан Б.Билэгт өглөө. Энэ талаар тэрбээр “Гаргасан гомдлын дагуу хахууль авах зүйл ангиар хэрэг нээсэн. Улс төрд нөлөө бүхий этгээд албаныхаа чиг үүргийг хэрэгжүүлсний хариуд хахууль авсан байж болзошгүй гэх утгатай гомдол мэдээлэл ирүүлсэн байсан. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ийнхүү хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. Гэрчийн мэдүүлгийг Л.Оюун-Эрдэнэ гишүүнээс авсан, 4 цаг гаруй орчим үргэлжилсэн.
Одоогоор хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тул тодорхой нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Гомдлыг хянан шалгаж үзээд хэрэгт бүртгэлтийн хэрэг нээсэн. Энэ хэрэгт холбогдуулан өнөөдрийн байдлаар зургаан хүнээс мэдүүлэг авсан, гурван баримтад үзлэг хийсэн. Мөн аж ахуй нэгж, бусад байгууллагаас таван удаагийн лавлагаа мэдээлэл авах мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг долоон арилжааны банкнаас лавлагаа мэдээлэл авахаар ажиллаж байна" гэлээ.
Мөн энэ хэрэгтэй холбогдуулан хилийн чанадад байгаа "Бодь интернэшнл”-ийн захирал асан А.Амундратай АТГ-аас холбогдож, мөрдөгчийн дуудан ирүүлэх хуудсыг цахимаар хүргүүлсэн.
А.Амундра гэрч хохирогчийг хамгаалалтад авах, хамтран ажиллах этгээдээр тогтоолгох зэрэг хүсэлт гаргасан байгаа, үүнийг АТГ судалж байна. Хуулийн гаргалгаа нь мөрдөгч тухайн этгээдийг хэрэгт хохирогчоор тооцуулан, гэрч хохирогчийн хамгаалалтад авах хүсэлтээ прокурорын байгууллагад өгнө. Прокурор саналыг шүүүхэд өгнө, шүүх энэ хүсэлтийг эцэслэн шийддэг эрх зүйн зохицуулалттай.
Мөн А.Амундрад хандан өөрийн оршин суугаа газрынхаа Монгол Улс дахь Элчин сайдын яамаар дамжуулаад хүсэлтээ ирүүлэх боломжтой гэдгийг хэлсэн. Л.Оюун-Эрдэнийн гаргасан гомдолтойгоор А.Амундра холбогдож байгаа” гэлээ.
Сануулахад, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр нь "Бодь"-иос хоёр удаагийн үйлдлээр нийт 1.3 сая ам.доллар бэлнээр авсан, энэ нь гэрчтэй гэх мэдээллийг хийж, асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаж байв. Харин Б.Энхбаяр сайдын хувьд мэдээллийг няцаасаар байгаа юм.




Comments