Зээлийн үлдэгдэл 44.2 их наяд төгрөгт хүрчээ
- 3 hours ago
- 2 min read
Үндэсний статистикийн хорооны мэдээллээр мөнгөний нийлүүлэлт 2026 оны нэгдүгээр сарын эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр 46.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.8 их наяд төгрөгөөр буюу 14.1 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд төгрөгийн хадгаламж 4.3 их наяд төгрөгөөр буюу 20.0 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Бага мөнгө 11.1 их наяд төгрөгт хүрч, жилийн дүнгээр 2.6 хувиар өссөн ч өмнөх сараас нэг хувиар буурсан байна. Үүний 91.4 хувь буюу 10.2 их наяд төгрөг нь төгрөгийн харилцах, 8.6 хувь буюу 950.4 тэрбум төгрөг нь хадгаламжийн байгууллагаас гадуурх мөнгө эзэлж байна. Харин бага мөнгө 35.7 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 18.3 хувиар өссөн ч өмнөх сараас 0.3 хувиар буурчээ. Бага мөнгөний 72.7 хувь нь төгрөгийн хадгаламж, 15.7 хувь нь валютын хадгаламж, 11.6 хувь нь валютын харилцах данс бүрдүүлж байна.
Төгрөгийн хадгаламж 26.0 их наяд төгрөгт хүрсний 83.0 хувийг иргэдийн, 17.0 хувийг аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж бүрдүүлжээ. Валютын хадгаламж 5.6 их наяд төгрөгт хүрч, жилийн дүнгээр 16.1 хувиар өссөн байна.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 1.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 5.1 хувиар өссөн ч өмнөх сараас 3.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарлаа. Мөнгөний нийлүүлэлтийн бүтцийг авч үзвэл 2026 оны нэгдүгээр сарын эцэст 18.8 хувийг гадаад цэвэр актив, 81.2 хувийг дотоод цэвэр актив бүрдүүлж байна. Гадаад цэвэр актив 8.8 их наяд төгрөгт хүрч, жилийн дүнгээр 31.5 хувиар өссөн бол дотоод цэвэр актив 38.0 их наяд төгрөг болж, 10.7 хувиар нэмэгджээ.
Нийт зээлийн үлдэгдэл 44.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 18.2 хувиар өссөн байна.
Зээлийн нийт үлдэгдлийн 60.1 хувь нь иргэдэд, 38.7 хувь нь хувийн байгууллагад, үлдсэн хэсэг нь төрийн болон санхүүгийн байгууллагад ногдож байна. Хэвийн зээл 40.4 их наяд төгрөг болж, нийт зээлийн 91.5 хувийг эзэлж байгаа бол анхаарал хандуулах зээл 1.5 их наяд төгрөг буюу 3.4 хувь, чанаргүй зээл 2.3 их наяд төгрөг буюу 5.1 хувьд хүрчээ. Валютын ханшийн хувьд төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш 3561.03 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 129.3 төгрөгөөр суларсан байна. Мөн евро 4179.53 төгрөг, рубль 45.64 төгрөг, юань 511.00 төгрөгийн ханштай гарч, төгрөг голлох валютуудын эсрэг суларсан үзүүлэлттэй байна.




Comments