top of page

“Иргэд оноо цуглуулж, цахилгаан, түлшний хөнгөлөлт эдэлнэ”

  • Jan 15
  • 1 min read

Улаанбаатар хотын иргэд ногоон оноо цуглуулж, цахилгааны мөнгө, түлшний хөнгөлөлт эдэлдэг болох талаар Нийслэлийн Засаг даргын орлогч А. Амартүвшин өнөөдөр /2026.1.15/ мэдээлэл хийв.

Тэрбээр “Иргэн, хороо, дүүргийн хамтын ажиллагааны үр дүнд Улаанбаатар хотын хөгжил, аюулгүй байдалд ахиц дэвшил гарна. Ногоон онооны тухайд нийслэлээс үзүүлж байгаа үйлчилгээнүүдэд хөнгөлөлт эдлэх боломжтой. Үүнд автобус, скүүтэр, цахилгаан, дулаан, түлш, хогны төлбөр, СӨХ-ийн төлбөрийн хөнгөлөлт эдлэх зарчмаар хэрэгжинэ. Улаанбаатар хот нягтаршил өндөртэй болж байгаа энэ үед иргэдийн биеийн тамирын идэвхийн үзүүлэлт багассан.

Сүүлийн таван жилийн үзүүлэлтээр Улаанбаатар хотын иргэд өдөрт дунджаар 1500-2000 алхалт хийж байна.Харин Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу бол хүн өдөрт багадаа 10 мянган алхам алхалтыг хийх ёстой байдаг юм билээ. Эрүүл иргэдтэй болохын төлөө эрүүл амьдралын хэв маягийг дэмжих хэрэгтэй. Тиймээс оноо өгөх системийг санаачилсан.

Иргэдийн зүгээс тоглоом зохион байгуулж байна гэсэн шүүмжлэлийг хэлж байгаа. Энэ нь иргэдийнхээ идэвхийг нэмэгдүүлэх,  санал бодлыг шууд хэлбэрээр авч, тэдгээрийг газар дээр нь шийдэж байхаар энэ ажлыг хийж байгаа. Оноо гэдэг нь иргэдийг урамшуулах, идэвхжүүлэх, мөн цаашлаад түүнийгээ үйлчилгээнд зарцуулах боломжтой. Одоогоор ногоон оноо нь платформын хөгжүүлэлтийн шатандаа л явагдаж байгаа. Журмыг нь боловсруулж байна. Түүний дараа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд танилцуулна. Хэрэв батлагдвал хэрэгжилтийн ажил эхэлнэ. Ажил нь эхлээгүй байхад зарим нэгэн удирдлагын түвшний хүмүүс олон нийтэд түүхий мэдээлэл тараасан нь  шүүмжлэлийг дагуулж байна.Үүнд хүлцэл өчье. Нийслэлээс барьж байгаа бодлого бол шийдлийг олж эхлэлийг тавих юм. Ямар нэгэн ажлыг эхлэхэд дагавар маш олон асуудлууд гардаг. Бид үүнийг нэг өдөр болон нэг жилийн дотор бүрэн шийдвэрлэх боломжгүй” гэв.



Comments


bottom of page