top of page

МАН: ТӨК, үйлдвэрийн газрын тоог 50 хувиар бууруулна

  • Dec 15, 2025
  • 1 min read

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр (2025.12.15) ээлжит хуралдаанаараа төрийн өмчийн реформ, эдийн засаг, татварын бодлоготой холбоотой гурван чухал асуудлыг хэлэлцэж байна.

Хуралдаанаар “Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн хувьцааг 2026–2028 онд биржээр олон нийтэд нээлттэй худалдах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн танилцуулгыг сонсож, УИХ-ын гишүүд санал хэлж, асуулт асууж буй юм. Мөн Эдийн засгийн эрх чөлөөний тухай хууль, Татварын багц хуулийн төслийг хэлэлцэхээр товлоод байна.

Засгийн газраас өргөн барихаар бэлтгэсэн уг тогтоолын төсөл нь Монгол Улсын дунд, урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Шинэ итгэл – Эрс шинэчлэл” зорилт, “Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-тэй уялдсан бодлогын баримт бичиг гэдгээрээ онцлогтой. Төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн хүрээнд агаарын тээвэр, эрчим хүч, санхүү, уул уурхай, даатгал, худалдаа зэрэг салбарт үйл ажиллагаа явуулж буй 18 төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын төрийн эзэмшлийн 10–66 хувийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд нээлттэй санал болгож, нээлттэй хувьцаат компани болгохоор тусгасан байна.

Мөн найман төрийн өмчит компанийн хувьцааг бүхэлд нь худалдах, долоон төрийн өмчит компани, үйлдвэрийн газрыг нэгтгэх, нийлүүлэх, бүтцийн өөрчлөлт хийх саналыг ч багтаажээ. Цаашид нэмж зургаан төрийн өмчит компанийн хувьцааны тодорхой хувийг олон нийтэд санал болгох, таван төрийн өмчит компанийн хувьцааг бүрэн худалдахаар төлөвлөж буй аж.

Тооцооллоор, эдгээр арга хэмжээг хэрэгжүүлснээр 100 хувь төрийн өмчит компани, үйлдвэрийн газрын тоо 39 болж, өнөөгийн түвшнээс 47 орчим хувиар буурах юм. Харин нээлттэй хувьцаат компанийн тоо 23 болж, 83 хувиар нэмэгдэхээр байгаа нь төрийн өмчийн удирдлага, хяналтад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чухал алхам гэж үзэж байна. Мөн төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын нийт тоо 19-өөр буюу 18.8 хувиар буурч, 82 болохоор тооцоолжээ.



Comments


bottom of page