Монгол Улсад гепатит дельта вирусийн халдварыг хянах хамтарсан төсөл хэрэгжинэ
- Feb 27
- 2 min read
Монголчуудын дунд элэгний өвчлөл, тэр дундаа вирусийн шалтгаант гепатит нь олон арван жилийн турш нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Ялангуяа гепатит дельта вирус (HDV) нь гепатит B вирусийн халдвартай хавсарч илүү хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэж, богино хугацаанд элэгний дутагдал, элэгний хатууралд хүргэх өндөр эрсдэлтэй гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрдөг.
Монгол Улсад HDV-ийн тархалт өндөр байгаа хэдий ч энэ чиглэлийн иж бүрэн судалгаа, өргөн хүрээтэй тандалт, үндэсний түвшний оношилгооны нэгдсэн стандарт хараахан бүрэн төлөвшөөгүй байна. Иймээс энэхүү бодит хэрэгцээ, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС) Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-тай хамтран “Монгол Улсад гепатит дельта вирусийн халдварыг хянах судалгаа, хөгжүүлэлтийн төсөл”-ийг хэрэгжүүлэхээр тохиролцлоо. Төслийн баримт бичигт талууд гарын үсэг зурсан бөгөөд төсөл 2026–2031 онд буюу таван жилийн хугацаанд хэрэгжинэ.
Төслийн Монгол талын судалгааны удирдагч, АШУҮИС-ийн Био-Анагаахын хүрээлэнгийн захирал Ч.Баттогтох “Гепатит дельта вирус манай улсын хүн амын дунд бусад оронтой харьцуулахад өндөр тархалттай. Энэ вирус нь бохирдсон зүү тариур, цус болон цусан бүтээгдэхүүн, бэлгийн хавьтал, гоо сайхны болон эмчилгээний ажилбар зэрэг олон замаар халдварладаг. Манай улсад гепатит вирусийг илрүүлэх тогтолцоо байгаа ч дельта вирусийн оношилгоо анхан шатны эрүүл мэндийн байгууллагад хангалттай хүртээмжтэй биш байна. Хэрэв өргөн хүрээтэй арга хэмжээ авахгүй бол уг вирусийн шалтгаант өвчлөл буурах боломж хязгаарлагдмал” гэдгийг онцоллоо.
Энэхүү төсөл нь АШУҮИС болон Японы Фукушима их сургуулийн хамтарсан судалгаанд тулгуурлах бөгөөд вирус судлалын эрдэмтэд өвчин үүсгэх механизм, халдвар дамжих зам, анхан шатны нэгжид оношилгоог хүртээмжтэй болгох арга замыг судална. Судалгааны үр дүнд үндэслэн үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулах юм.
ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Мияги Кэнсүкэ хэлэхдээ, “Манай хамтарсан төсөл таван жилийн хугацаанд 390 сая иений санхүүжилттэй хэрэгжинэ. Энэ хүрээнд судалгааны ажил, судлаачдын туршлага солилцоо, сургалт, түргэвчилсэн оношлуур хөгжүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ. Мөн хүний нөөцийг бэхжүүлж, залуу судлаачдыг дэмжихэд онцгой анхаарна” гэлээ.
Төслийн хүрээнд дараах үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Үүнд:
Эрүүл мэндийн бүх шатлалд ашиглах боломжтой, HDV-ийн эсрэг эсрэгбие илрүүлэх ELISA болон иммунохроматографийн оношлуур хөгжүүлэх,
HDV-ийн халдварын эрсдэлт хүчин зүйл, тархвар судлал, вирус судлалын онцлогийг нарийвчлан тодорхойлох,
HDV-ийн халдварын улмаас элэгний хатуурал болон элэгний хавдар үүсэх механизмыг генетик, эмгэг судлалын аргаар судлах,
Энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх, хүний нөөцийг чадавхжуулах, сургалт зохион байгуулах.
Энэхүү төсөл нь зөвхөн лабораторийн судалгаагаар хязгаарлагдахгүй бөгөөд Монгол Улсад вирус судлал, эмгэг судлалын орчин үеийн оношилгооны арга нэвтрүүлэх, олон улсын түвшний судалгаа хийх, эмнэлзүйн болон молекул биологийн мэдээллийг уялдуулсан нэгдсэн судалгааны тогтолцоо бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. Мөн үндэсний хэмжээнд бодлого, удирдамж боловсруулахад шаардлагатай суурь өгөгдлийг бий болгоно.
Түүнчлэн энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын судлаачдын чадавхыг бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухааны салбарын нэр хүндийг нэмэгдүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.
Төслийн үр дүнд гепатит дельта вирусийн халдварыг эрт илрүүлэх, хянах тогтолцоог сайжруулж, улмаар элэгний өвчлөлийн хүндрэл, нас баралтыг бууруулахад чухал алхам болно гэж талууд үзэж байна.




Comments