Мөсний зузаан олон жилийн дунджаас 5-50 см нимгэн байна
- Jan 2
- 2 min read
Монгол орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-45 см нэмэгдэж, 20-120 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд харилцан адилгүй, мөсний даац хүн, мал, тээврийн хэрэгсэл явахад хангалттай хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зорилгоор мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Цаг уурын байгууллагын мэдээлснээр Мягмар, Лхагва гаригт нутгийн зүүн хагаст жавартай хүйтэн салхитай байна. Энэ оны нэгдүгээр сарын 3-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 31, нэгдүгээр сарын 3, 4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүсэх төлөвтэй.
Харин 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2025 оны 12 дугаар сарын 29-нөөс 2026 оны нэгдүгээр сарын 06-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:
Нэгдүгээр сарын 6-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.
Хур тунадас: 3-нд Хэнтийн уулархаг нутгаар, 4-нд Халх голын хөндийгөөр ялимгүй цас, 6-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 3,4-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 6-нд нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Нэгдүгээр сарын 1-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -20…-25 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -13…-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -11…-16 градус, өдөртөө -3…-8 градус, бусад нутгаар шөнөдөө -17….-22 градус, өдөртөө -7…-12 градус хүйтэн байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Нэгдүгээр сарын 6-ны өдөр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр.
Агаарын температур: Арванхоёрдугаар сарын 30 ,31-нд Яармаг-Сонгины орчмоор -28…-33 градус, бусад хэсгээр -22…-27 градус, өдөртөө -12…-17 градус хүйтэн, 1-р сарын 1-нээс хүйтний эрч бага зэрэг суларч Яармаг-Сонгины орчмоор -24…-29 градус, бусад хэсгээр -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус хүйтэн байна.




Comments