“П.Наранбаяр сайдыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлсэн”
- Feb 5
- 2 min read
Ардчилсан намын гишүүд өнөөдөр (2026.02.05) багш нарын цалингийн нэмэгдэл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Энэ оныг Боловсролыг дэмжих жил болгон зарласан хэдий ч боловсролын салбарын багш, ажилчид цалин хангамжийн хүрэлцээний асуудлаар сэтгэл дундуур байна. Энэ асуудал нь Боловсролын сайд П.Наранбаярын гаргасан шийдвэрүүдтэй шууд холбоотой. Иймд П.Наранбаяр сайдыг огцруулах шаардлагыг Засгийн газрын тэргүүн Г.Занданшатар сайдад өргөн барьсан.
Багш нарын цалин 1 сая 484 мянган төгрөг байсан. Цалинг нэмэгдүүлэх шийдвэр гарч, 2 сая 226 мянган төгрөг боллоо гэж зарласан. Гэтэл бодит байдал дээр багш нарын гар дээрээ авсан цалин ердөө 177 мянган төгрөгөөр нэмэгдсэн тухай багш нар мэдээлсэн.
Энэ нь үнэндээ цалингийн нэмэгдэл бус, харин ч хорогдол гэж хэлж болохоор залилангийн шинжтэй асуудал боллоо. Зарим нэмэгдлүүдийг “үндсэн цалинд шингээсэн” гэх нэрийдлээр хассан байна. Бидний зүгээс тавьж буй шаардлагыг тоймловол, нэгдүгээрт, Боловсролын сайдын гаргасан шийдвэрүүд нь Монгол Улсын Үндсэн хууль, Төсвийн тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хуультай нийцэхгүй байна. Энэ нь багш, ажилтнуудын нийгмийн баталгаа, цалин хөлсийг бодитоор дордуулж, салбарыг бүхэлд нь хямралд оруулсан гэж үзэж байна.
Боловсролын сайд нь Засгийн газартаа бодитой, зөв ойлголт өгч, өсөн нэмэгдэх итгэлцүүрийг тогтоож чадаагүйгээс болж 2026 оны төсвийн хэрэгжилт саатсан. Үүний улмаас сургалтын байгууллагууд багш, ажилтнуудад цалин хөлсийг нь бүтнээр олгох боломжгүй болсон. Багш, ажилтнууд дутуу цалин олгосонд маш их гомдолтой байна.
Хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль, Засгийн газрын тогтоолоор олгогдох ёстой нэмэгдлүүдийг үндэслэлгүйгээр тогтоосон. Хууль зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас боловсролын салбар системийн хямралд орсон. Үүний улмаас багш, ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, хүүхдийн сурч боловсрох эрх хохирч байна гэж үзэж, дээрх үндэслэлүүдэд тулгуурлан П.Наранбаяр сайдыг огцруулахыг шаардаж байна.
Үйл ажиллагаа, салбараа ойлгодоггүй П.Наранбаярыг огцруулж, ажлаа хийж чаддаг, салбараа ойлгодог хүнээр солихгүй бол боловсролын салбар унаж, доройтож, навсайж дууслаа. П.Наранбаяр сайдын хэвлэл мэдээлэлд өгсөн ярилцлагуудыг үзээд гайхсан. Тэрбээр нэгдүгээр сард багш нар амардаг гэх ташаа мэдээлэл өгсөн. Үүнээс харахад салбараа мэддэггүй сайд гэдэг нь ойлгогдсон. Амласан 50 хувийн нэмэгдлийг бодитоор хэрэгжүүл. Хэрэв нэмж чадахгүй бол үүрэг хариуцлагаа хүлээх ёстой" гэлээ.
Ардчилсан намын Нарийн бичгийн дарга А.Батпүрэв “2016–2026 оны хооронд, сүүлийн арван жилийн хугацаанд боловсролын салбарын төсөв жилд дунджаар 12 хувиар, нийтдээ 3.5 дахин буюу 350 хувиар өссөн тоо баримт бий. Гэтэл багш нарын гар дээрээ авч байгаа бодит цалин 100 төгрөг байсан бол 150 төгрөг болж л нэмэгдсэн байна.
Нэг багш 2 сая 800 мянган төгрөгийн цалин авч байна гэж ярьж байгаа боловч үүнийг 2016 оны худалдан авах чадвартай харьцуулбал 1.8 сая төгрөгтэй тэнцэж байна.
Эндээс харахад УИХ-аас боловсролын салбарт хангалттай хэмжээний төсөв баталж байгаа ч уг төсөв багш нарт хүрч очихгүй байна. Багшийн амьдрал сайжрахгүй байна. Нөгөө талаас сурагчдын амжилт өсөхгүй байна. Үүнээс боловсролын салбар бүхэлдээ хямралын байдалд орсон нь харагдаж байна. Нэгдүгээрт, салбарын түвшинд бодлого дутагдсан. Хоёрдугаарт, төсвийн тогтолцоо оновчгүй байгаатай холбоотой. Иймд төсвийн тогтолцоог үр дүнд суурилсан хэлбэрт шилжүүлэх шаардлагатай. Тэр дундаа боловсролын анхан шатны удирдах байгууллага, орон нутгийн байгууллагуудад боловсролын салбарын төсөв, мөнгөтэй холбоотой эрх мэдлийг нэмэгдүүлж, орон зайг нь тэлж өгөх ёстой. Салбарын яамнаас амьдралд нийцэхгүй хууль, шийдвэр гаргадаг байдлыг зогсоох шаардлагыг тавьж байна” гэв.




Comments