Санхүүгийн ойлголт тааруугаас иргэдийн дунд хүүгээ урьдчилж авчихлаа гэх бухимдал үүсэж байна
- Jan 19
- 1 min read
Ахмадуудын дунд тэтгэврийн зээлийг тойрсон ойлголтын зөрүү үүссэнтэй холбоотой Монголбанкны ахлах эдийн засагч Н.Батжин дараах тайлбарыг өглөө.
Ахмадууд тэтгэврийн зээлийг ирээдүйд авах тэтгэврээ урьдчилж авч байна гэж буруу ойлгодог. Үнэн хэрэгтээ тэтгэврийн зээл нь банкны хадгаламж эзэмшигчдийн мөнгөнөөс гардаг зээлийн бүтээгдэхүүн юм. Тиймээс хадгаламжийн хүү, инфляци зэргээс шалтгаалж зээлийн хүү тогтдог. Иргэд сарын тэтгэврээ зээлэх хугацаагаараа үржүүлж, гар дээр ирэх мөнгөө тооцдог нь буруу юм.
Жишээ нь сард 850,000 төгрөгийн тэтгэвэр авдаг ахмад 36 сарын хугацаатай зээл авах хүсэлт гаргав. Иргэний тооцооллоор 850,000 мянгаа 36 сараар үржүүлж 30,600,000 мянган төгрөг авна гэж боддог. Банкны тооцооллоор гар дээр 23,500,000₮ олгоно. Зөрүү буюу үлдэгдэл 7 сая нь 3 жилийн хугацаанд төлөх зээлийн хүү юм.
Хуулиар зээлийн хүүг урьдчилж төлүүлэхийг хориглодог. Зээл авахад гардаг тэнцүү төлөлттэй графикийн дагуу хүү нь сар бүрийн төлөлтөд шингэсэн байдаг.
850,000 төгрөгийн сарын төлөлтийн задаргааг тайлбарлавал, эхний сард үндсэн зээлдээ 490,000 төгрөг, хүүнд нь 360,000 төгрөг төлнө. Зээлийн үлдэгдэл их тул хүү өндөр гардаг. 12 дахь сард үндсэн зээл 589,000 төгрөг, хүүнд нь 260,000 төгрөг төлнө. 24 дэх сард үндсэн зээлд 702,000 төгрөг, хүүнд нь 147,000 мянган төгрөг төлнө.
Явцдаа үндсэн төлбөр нь ихсэж, хүү нь багасдаг зарчмаар явдаг. Санхүүгийн ойлголт тааруугаас иргэдийн дунд хүүгээ урьдчилж авчихлаа гэх бухимдал үүсэж байна.
Зээлийн хүү яагаад 18 хувь байна вэ гэвэл тэтгэврийн зээлийн хүү нь хадгаламжийн хүү /дунджаар 11.8 хувь/, эрсдэлийн сан, банкны үйл ажиллагааны зардал нэмэгдээд жилийн 18 хувь болдог гэв.




Comments