top of page

"Удирдлагын богино хугацааны халаа сэлгээ, хэт улс төржилтөөс шалтгаалан эмнэлгийн хэвийн үйл ажиллагаа доголдох нөхцөл үүссэн"

  • Feb 26
  • 1 min read

Улсын хэмжээний лавлагаа шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн эмч, ажилтнууд өнөөдөр /2026.02.26/ эмнэлгийн удирдлагын тогтворгүй байдал, улс төржилтөөс үүдэн хэвийн үйл ажиллагаанд хүндрэл үүсэж болзошгүй нөхцөл бүрдсэн талаар мэдээллээ.

УНТЭ нь өдөрт дунджаар 1200 гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд яаралтай тусламжийн тасгаар цагт 70 орчим хүн хүлээн авч, өдөр бүр 60 гаруй төрлийн мэс ажилбар хийдэг өндөр ачаалалтай байгууллага юм. Гэвч сүүлийн үед удирдлагын богино хугацааны давтамжтай халаа сэлгээ, шийдвэр гаргалтын тогтворгүй байдал нь эмнэлгийн хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлсэн талаар эмч нар онцлов.

УНТЭ-ийн Эрчимт эмчилгээний зөвлөх эмч Ц.Ганбат “Манай тасаг 24 ортой ажилладаг. Харин яаралтай тусламжийн 12 ор засварт орсноос үүдэн ачаалал эрс нэмэгдсэн. Засвар найман сар үргэлжилж байгаа ч бүрэн хүлээлгэн өгөөгүй байна. Өмнө нь удирдлага жилд нэг, хоёр удаа солигддог байсан бол одоо долоо хоногт хэд хэдэн удаа өөрчлөгдөх тохиолдол гарч байна. Хэтрүүлэн хэлбэл нэг өдөрт хоёр, гурван удаа ч удирдлага солигдох явдал гарч байгаа нь байгууллагын хэвийн үйл ажиллагаанд ноцтой нөлөөлж байна” хэмээн мэдэгдэв.

Мөн эмнэлгийн төлөөллийн үйл ажиллагаа эрхэлсэн дарга О.Чойдог “Эмнэлгийн төлөөллийн албаны дарга болох ёстой есөн гишүүнээс дөрвийнх нь нөхцөл байдал тодорхойгүй байна” хэмээн мэдээллээ.

Эмч, ажилтнуудын хэлснээр удирдлагын тогтворгүй байдал нь өдөр тутмын үйл ажиллагаанд хүндрэл учруулахаас гадна санхүүгийн урсгал доголдох эрсдэлийг нэмэгдүүлж байгаа аж. Төсөв, худалдан авалтын шийдвэрүүд удааширснаас ариун цэвэр, халдвар хамгааллын хэрэгсэл болон эмнэлгийн зайлшгүй шаардлагатай нөөц тасалдах бодит эрсдэл үүсэж болзошгүйг тэд анхаарууллаа.

Иймд эмч, ажилтнууд эмнэлгийн удирдлагын бодлогыг яаралтай тогтворжуулах, санхүүгийн шийдвэр гаргалтыг шуурхай болгох, эхлүүлсэн засвар, шинэчлэлийн ажлыг богино хугацаанд дуусгах шаардлагатайг онцолж байна. Тэдний үзэж буйгаар дээрх асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхгүй бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжид сөргөөр нөлөөлөх эрсдэл нэмэгдэх нөхцөл бүрдэж болзошгүй байна.



Comments


bottom of page