top of page

"Усны үнийг нэмэхгүй бол усны хэрэглээнд хязгаарлалт хийх нөхцөл үүсэх эрсдэлтэй"

  • Mar 20
  • 1 min read

Улаанбаатар хотын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээ үзүүлэгч Ус сувгийн удирдах газар санхүүгийн хүндрэлд орж, цаашид ус хязгаарлах эрсдэл үүсэж болзошгүй байгааг салбарын мэргэжилтнүүд анхаарууллаа.

Тус байгууллагын мэдээлснээр Монгол Улс ундны усыг газрын гүнээс үнэгүй олборлодог ч иргэдэд хүргэх, бохир усыг татан цэвэршүүлэх үйлчилгээний төлбөрийг хэрэглэгчдээс авдаг байна. Гэсэн хэдий ч одоогийн тариф олон улсын жишигтэй харьцуулахад хамгийн бага түвшинд байгаа аж.

Одоогоор орон сууцны хэрэглэгчид нэг литр усыг 1 төгрөг 30 мөнгөөр, бохир усны үйлчилгээг 1 төгрөг 7 мөнгөөр авдаг бол гэр хорооллын хэрэглэгчид нэг литр усыг 2 төгрөгөөр хэрэглэж байна. Харин бодит өртөг нь үүнээс өндөр бөгөөд орон сууцанд хүргэхэд литр тутамд 2 төгрөгийн зардал гардаг бол алслагдсан бүсэд зөөвөрлөхөд 40 төгрөгт хүрдэг байна.

Иймээс Ус сувгийн удирдах газар сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд тогтмол алдагдалтай ажиллаж иржээ. Байгууллага үйл ажиллагааны зардлаа хэрэглэгчдийн төлбөрөөр бүрдүүлдэг бөгөөд тариф бодит өртгөөс доогуур байгаа нь санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж буйг онцолсон байна.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар усны үнийг одоогийн түвшинд хадгалбал эрчим хүчний салбартай адил хүндрэл үүсч, ирээдүйд усны хэрэглээнд хязгаарлалт хийх нөхцөл үүсэх эрсдэлтэй аж.

Түүнчлэн ойрын хугацаанд Монгол, АНУ-ын хамтарсан усны эх үүсвэр нэмэгдүүлэх болон ус дахин боловсруулах үйлдвэрүүдийг хүлээн авах гэж байгаа нь салбарын зардлыг нэмэгдүүлэхээр байгаа юм. Гэвч 2025–2026 онд усны үнийг нэмэхгүй байх шийдвэр хүчинтэй байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж болзошгүйг салбарынхан анхааруулж байна.

Судалгаагаар алдагдалгүй ажиллахын тулд усыг дор хаяж литр тутамд 2 төгрөгөөр тооцох шаардлагатай байгаа ч одоогоор тарифын өөрчлөлт хийх боломжгүй хэвээр байна.



Comments


bottom of page