top of page

Хаврын улирлын цаг агаарын төлөв

  • Jan 26
  • 2 min read

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх хоёр, гурав, дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулав.

Хоёрдугаар сард агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх бол гуравдугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна.  Харин дөрөвдүгээр сард нийт нутгаар дунджийн орчим байх урьдчилсан төлөвтэй байгаа ажээ. Хур тунадасын хувьд хоёр болон дөрөвдүгээр сард дунджийн орчим, гуравдугаар сард нутгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Хоёрдугаар сард:

-Агаарын дундаж температур Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас хүйтэн байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч сул, өдөртөө бага зэрэг дулаан байх төлөвтэй байгаа хэдий ч нэгдүгээр арав хоногийн сүүлчээс эхлэн ихэнх нутгаар хүйтрэх төлөвтэй байна.

Харин хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ОЖД–аас 1–5 хэмээр хүйтэн, бусад хугацаанд дунджийн орчим байх төлөвтэй байна.

Харин гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар дулаарна. Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд үеэр баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст, хоёр болон гуравдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи ширүүсэн, цасан шуурга шуурч болзошгүй байна.

Сарын дунджаар нутгийн зүүн хэсэг ОЖД–аас хүйтэн, цас ахиу орох төлөвтэй байгаа ба температурын огцом өөрчлөлт үргэлжлэн ажиглагдах төлөвтэй, салхи шуурганы давтагдал ихтэй байх магадлал өндөр байгаа ажээ.

Гуравдугаар сард:

-Агаарын дундаж температур Баян-Өлгий, Ховдын нутаг, Увс, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, Дорнодын нутаг, Хэнтий, Сүхбаатарын хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Завхан, Говь-Алтайн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Дөрөвдүгээр сарын агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас нийт нутгаар дунджийн орчим орох төлөвтэй байна.

Ерөнхийдөө хаврын улиралд цаг агаарын огцом дулаарал, хүйтрэл үе үе ажиглагдах төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв. Тиймээс малчид өвс тэжээлийн нөөцөө хангаж, мал төллүүлэх хашаа хороог эрт бэлдэхийг анхааруулав. Мөн цаг агаарын мэдээг тухай бүрт авч байхыг санууллаа.



Comments


bottom of page