ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг шалгуулахаар АТГ-т ханджээ
- Mar 26
- 1 min read
Боловсролын зээлийн сангийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан О.Сийлэгмаа Авлигатай тэмцэх газарт хандан тодорхой баримтуудыг албан ёсоор өгсөн талаар өнөөдөр /2026.03.26/ мэдээллээ. Тэрбээр зарим сайд нар БЗС-гийн зээл авах, ашиглах, улмаар чөлөөлүүлэх үйл явцад хууль, журам зөрчсөн байж болзошгүй гэж үзэж, холбогдох хариуцлагыг тооцуулах хүсэлт гаргасан байна.
Түүний мэдэгдэлд дурдсанаар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр 2007 онд гадаадад суралцахаар сонгогдохдоо шаардлага бүрэн хангаагүй төдийгүй дараа жил нь сургалтын төлбөрийг хувийн дансаараа дамжуулан авсан нь журмын зөрчилд тооцогдохоор байгаа аж. Мөн зээлээ чөлөөлүүлэх үедээ гэрээнд заасан хугацаанд холбогдох байгууллагад ажиллаагүй гэсэн асуудлыг хөндсөн байна. Тэрбээр үндсэн зээлийн төлбөрийг буцаан төлсөн ч хүүг төлөөгүй нь анхаарал татахуйц гэж үзжээ.
Түүнчлэн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хувьд мөн адил сонгон шалгаруулалтын шаардлагыг бүрэн хангаагүй, цаашлаад зээлийн гэрээний дагуу төрийн байгууллагад ажиллах үүргээ биелүүлээгүй байхад нь зээлийг чөлөөлсөн байж болзошгүй талаар дурдсан байна.
Үүнээс гадна, нийтдээ олон зуун хүний их хэмжээний зээлийг үндэслэлгүйгээр тэглэсэн байж болзошгүй асуудал байгаа бөгөөд холбогдох шийдвэрүүдийг дахин нягтлах шаардлагатай гэдгийг онцолжээ. Хэрэв тухайн үеийн шийдвэрүүдийг хүчингүй болговол гэрээнүүдийг дахин үнэлж, төрд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх боломжтой гэж үзэж байгаа юм байна.
Тэрбээр мөн өөрийг нь энэ асуудлыг хөндсөнтэй холбоотойгоор дарамт шахалт үзүүлсэн тул албан тушаалаасаа чөлөөлөгдсөн гэж тайлбарласан бөгөөд одоо иргэний хувиар авлигын эсрэг шалгалтыг илүү өргөн хүрээнд явуулахыг шаардаж буйгаа илэрхийлэв.




Comments