ХҮН: Ерөнхийлөгч өргөн барьсан хуулийн төслөө буцааж татах хэрэгтэй
- 4 minutes ago
- 2 min read
ХҮН намын зөвлөлөөс өнөөдөр /2026.04.13/ мэдээлэл хийлээ.
ХҮН намын зөвлөлийн дарга П.Ганзориг:
-Туул голын хурдны замтай холбоотой төслийн асуудлаар дэд ажлын хэсэг гарч, байгаль орчны үнэлгээ, нөлөөллийн асуудлыг судалсан. Хоёрт, төслийн эдийн засгийн үр ашгийг тооцооллыг судалсан бол түгжрэлийг бууруулах чиглэлд анхаарч ажиллалаа. Ингэснээр энэ төсөл 2.3 их наяд төгрөгөөр байгаль орчинд халтай, эдийн засгийн үр өгөөж муутай, түгжрэлд бодит нөлөө үзүүлэх боломжгүй төслийг цааш нь үргэлжлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Гурван чиглэл дэх нарийн тооцооллыг мэргэжлийн судлаачид ажилласан. Байгаль орчны яамнаас энэ төслийг түр зогсоосон гэсэн байна лээ. УИХ дахь ХҮН намын зөвлөл энэ төслийг үргэлжлүүлэхгүйгээр уулын замаа дөрвөн эгнээтэй болгон өргөтгөж, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах боломжтой гэж дүгнэсэн. Нийслэлээс энэ бүтээн байгуулалтыг хийснээр түгжрэлийг 15 хувиар бууруулна гэж танилцуулсан. Тойрог 1, 2 замыг барьснаар 35 хувь бууруулна гэж мэдээлсэн. Энэ төслөөс гадна 3-4 дахин их төсөв оруулж байж ийм ажлыг хийж дуусгах нь ээ. Дэлхийн геополитикийн нөхцөл байдал тогтворгүй энэ цаг үед томоохон бүтээн байгуулалтыг хийж, цаг хугацаандаа дуусах боломжгүй.
Хоёрт, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг парламент буюу гишүүдийн ёс зүй болон сахилга хариуцлага, гэмт хэрэгт холбогдсон бол эгүүлэн татахыг дэмжиж байна. Гэхдээ энэ өргөн барьсан хуульд Үндсэн хуульд заасан агуулга, зохицуулалтынхаа агуулгаас хальсан учраас УИХ-аар хэлэлцэн батлахыг дэмжихгүй.
Ер нь ард иргэдийн шаардлага, Ерөнхийлөгчийн хуулийн төсөл боловсруулсан зорилгыг дэмжиж байгаа. Зорилго нь ёс зүйн хариуцлагаас гадна гэмт хэрэгт холбогдсон гишүүдээ нам нь нэр дэвшүүлээд, оруулаад ирдэг. Тэгэхээр хууль санаачлагч энэ хуулийн төслөө буцаан татаж, Үндсэн хуулийн агуулга, хүрээнээс халихгүйгээр оруулж ирэх шаардлагатай. Тухайлбал, энэ хуулийн төслийн 9.1.6 заалтад "Жагсаалтын гишүүдийг нам нь эгүүлэн татна" гэсэн байна. Энийг бол УИХ-ын гишүүд ард түмний төлөөлөл болон сонгогдож байгаа учраас нам нь хариуцлага тооцох бол нэр дэвшүүлэхгүйгээр хатуу гэрээ хийсэн байх ёстой. Хоёрт, сонгуулиар хариуцлага тооцдог байх нь ардчилсан парламентад тохирно. Парламентаа ёс зүй болон сахилга хариуцлага, гэмт хэрэгтнээс аврах гэж байна гээд дархлааг нь сулруулж болохгүй. Одоо байгаа агуулгаар Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан хуулийн төсөл батлагдвал УИХ-ын гишүүнийг ҮХЦ-ээс эгүүлэн татна. Намууд улс төрийн зорилгоор гишүүдийг эгүүлэн татах асуудлыг ярьж, төр засаг тогтворгүй болох эрсдэлтэй.




Comments