Хүүхдийн эсрэг гэмт хэрэг өсөх хандлагатай байна
- Mar 12
- 1 min read
Хүний эрхийн үндэсний комисс-ын мэдээлснээр сүүлийн жилүүдэд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн тохиолдол нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал, бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүүхдийн тоо 2021 онд 278 байсан бол 2025 онд 436 болж өсжээ.
Мөн хүүхдийн амиа хорлолтын тохиолдол 2021 онд 62, 2022 онд 54, 2023 онд 46, 2024 онд 62 бүртгэгдсэн байна. Харин гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийн тоо 2021 онд 83 байсан бол 2024 онд 111 болж өссөн бол гэмт хэргийн улмаас гэмтсэн хүүхдийн тоо 2021 онд 550 байсан бол 2024 онд 997 болж нэмэгдсэн байна.
Ж.Хунан “Үе тэнгийн дээрэлхэлт газар авч буй энэ үед хүүхэд хамгааллын тогтолцоог бодитоор сайжруулах шаардлагатай. Сургууль бүрт хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий бүтэц байдаг ч бодит үр дүн хангалтгүй байна. Хүүхэд хамгааллын хамтарсан баг, хамгааллын цэгийн хүртээмж, үйл ажиллагааг сайжруулах, санхүүжилт болон мэргэжлийн боловсон хүчнийг нэмэгдүүлэх шаардлагатай” гэв.
Тэрбээр хүүхдээс ирсэн гомдол, мэдээлэлд анхаарч, анги хамт олон болон гэр бүлтэй нь хамтран ажиллах замаар асуудлыг шийдвэрлэх нь чухал гэдгийг онцолжээ. Учир нь хүүхдүүд томчуудаас үлгэрлэж, тэдний харилцаа, хандлагыг дуурайн суралцдаг тул насанд хүрсэн хүн бүр хүүхдийн өмнө хариуцлага хүлээх ёстойг санууллаа.
Мөн хүүхэд хамгаалалтай холбоотой асуудалд цаг алдалгүй, шударга шийдвэр гаргаж, үр дүнтэй арга хэмжээ авч чадвал хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлтийг бууруулах боломжтойг тэрбээр тодотгов.



Comments