top of page

“Шатахууны нийлүүлэлт ойрын хугацаанд тогтвортой байна”

  • Mar 24
  • 2 min read

Монгол Улсын Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр Ойрхи Дорнодын бүс нутагт үүсээд буй хурцадмал нөхцөл байдал Монголын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр дэлхий нийтэд хямралын мөчлөг эхэлж, улс орнууд дотоод эдийн засгийн тогтвортой байдалдаа анхаарах болсон цаг үед Ойрхи Дорнодод эрчим хүчний дэд бүтцүүдэд харилцан цохилт өгч эхэлснийг онцлов. Үүний улмаас газрын тосны нийлүүлэлтэд томоохон доголдол үүсэж, боловсруулах үйлдвэрүүд гэмтсэн нь сэргээн босгоход 4-5 жил шаардагдах нөхцөл байдал үүсээд байна гэв.

Мөн тэрбээр хэрэв бүс нутгийн нөхцөл байдал тогтворжсон ч бодит нөлөө буурахад дор хаяж дөрвөн сар шаардлагатайг дурдаж, харин мөргөлдөөн үргэлжилбэл 2026 оныг дуустал сунжрах эрсдэлтэйг анхаарууллаа. Энэ нь Монгол Улсын төсөв, санхүүгийн тогтвортой байдалд бодит эрсдэл учруулж болзошгүйг тэмдэглэв.

Олон улсын зах зээлд Ормузын хоолойн нийлүүлэлт саатсанаар газрын тос, байгалийн хийн үнэ хоёр дахин өсөөд байгаа нь дэлхийн эдийн засагт доргилт өгч эхэлжээ. Монгол Улс худалдааны хувьд БНХАУ-аас өндөр хамааралтай тул урд хөршийн эдийн засгийн нөхцөл байдалд үзүүлэх нөлөөг анхааралтай ажиглаж байгааг онцолсон байна.

Харин шатахууны хувьд Монгол Улс ОХУ-аас шууд хамааралтай бөгөөд одоогоор нийлүүлэлт хэвийн, хомсдол үүсэхгүй гэж үзэж байна. АИ-92 шатахууны үнийг тогтворжуулах гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа бол дизель түлш Сингапурын биржийн жишиг үнээр тооцогддог аж. Хэрэв тус жишиг үнэ гурван сар дараалан өсвөл талууд үнийг шинэчлэх хэлэлцээ хийх бөгөөд ирэх долдугаар сарын 1-н гэхэд ийм хэлцэл өрнөх магадлалтайг дурдлаа.

Сайдын хэлснээр, Монголын эдийн засагт хамгийн их дарамт үзүүлэх эрсдэл нь дизель түлшний үнэ юм. Газрын тосны үнэ 20 хувиар өсөхөд инфляц нэг хувиар нэмэгдэх тооцоо гарсан байна. Гэсэн хэдий ч дотоодын шатахууны биет нөөц хангалттай байгаа бөгөөд хүнсний хангамж тогтвортой байгаа аж.

Одоогийн байдлаар шатахууны нөөц:

  • АИ-92: 41 хоног

  • АИ-95: 70 хоног

  • Дизель түлш: 28 хоног

  • Шингэрүүлсэн хий: 35 хоног

  • Онгоцны түлш: 21 хоногийн нөөцтэй байна.

Засгийн газар цаашид үүсэж болзошгүй эдийн засаг, төсвийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг ойрын хугацаанд хэлэлцэхээр төлөвлөж байна.



Comments


bottom of page