top of page

"Эрчим хүчний салбарынхан цалин нэмэхийг шаардаж ажил хаялт зарлана"

  • Mar 19
  • 2 min read

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр /2026.03.19/ эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх асуудлаар мэдээлэл хийлээ.

Эрчим хүчний салбар хариуцсан нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэхдээ, 2026–2027 оны хамтын хэлэлцээрийг өмнөх тохиролцооны дагуу 2025 оны аравдугаар сард эхлүүлэх ёстой байсан ч тодорхой шалтгааны улмаас хойшилсон гэв. Талууд хэлэлцээрийн хүрээнд албан ёсны гурван удаагийн уулзалт, албан бус нэг уулзалтыг зохион байгуулсан боловч тохиролцоонд хүрч чадаагүй байна.

Тэрбээр, Хөдөлмөрийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд заасны дагуу хэлэлцээр амжилтгүй болсон тохиолдолд хөдөлмөрийн сонирхлын маргаан үүсгэх боломжтой бөгөөд энэ хүрээнд хөдөлмөрийн зуучлагчийн дэмжлэгтэйгээр маргаан үүсгээд байгаа талаар онцоллоо.

Үйлдвэрчний эвлэлийн зүгээс эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсийг 30 ба түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох зэрэг нийт 12 заалт бүхий хэлэлцээрийг эхлүүлэх шаардлага тавьсан ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдэлд хүрээгүй байна. Мөн яаманд хүргүүлсэн албан бичигт хариу ирүүлээгүйг дурдсан юм.

Харин Эрчим хүчний яамнаас үнэ тариф нэмэгдээгүй нөхцөлд цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлсээр байгаа аж. Иймд талууд зөвшилцөлд хүрээгүй тул ажил хаялт зохион байгуулах нөхцөл бүрдээд байгааг мэдэгдлээ.

Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн төлөөлөл хэлэхдээ, эрчим хүчний салбарын 2026–2027 оны хамтын хэлэлцээр энэ оны нэгдүгээр сараас эхэлсэн бөгөөд Хөдөлмөрийн хуулийн дагуу ажил хаялт зохион байгуулахаар бэлтгэж буйгаа илэрхийлэв.

Мөн 2025 оны аравдугаар сарын 9-ний өдөр зохион байгуулсан “Эрчим хүчний салбарын ажилтнаа сонсъё” зөвлөгөөний үеэр салбарын санхүүжилтийн асуудлыг хөндөж байсныг дурдлаа. Тухайлбал, 2026 оны улсын төсөвт эрчим хүчний салбарт 429.6 тэрбум төгрөг, харин соёлын салбарт 510 тэрбум төгрөг төсөвлөсөн нь анхаарал татаж буйг онцолсон юм.

Түүнчлэн эрчим хүчний салбарын нийт ажилтнуудын 80 орчим хувь нь хүнд, хортой нөхцөлд ажиллаж байгаа бөгөөд өндөр хүчдэл, өндөр даралт, эргэх механизм бүхий аюултай орчинд хөдөлмөр эрхэлдэг байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16.4-т заасан аюулгүй, эрүүл орчинд ажиллах эрх зөрчигдөж байгааг илэрхийлж байна гэж үзэж байгаагаа мэдэгдэв.

Мөн алслагдсан бүс нутагт ажиллаж буй эрчим хүчний ажилтнуудын цалин дунджаар 1.5 сая төгрөг байгаа нь Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “адил хөдөлмөрт адил цалин” зарчимтай нийцэхгүй байгааг онцоллоо.



Comments


bottom of page