top of page

Өвлийн улиралд талаас дээш шатахуунтай байлгаж хэвшээрэй

  • Jan 19
  • 2 min read

Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч -35 хэм гарч, гадаа хучлагагүй хонуулсан автомашин хөлдөх, царцах асуудлууд үүсч байна. Иймд хөлдүү машинаа хэрхэн асаах талаар зөвлөгөөг хүргэж байна.

Гадаа хонуулсан машин асаах дараалал:

-Хаазан дээр гишгэлгүй START BUTTON дээр дарж ON горимоор 20 секунд байлгаж, идэвхгүй болсон аккумляторын цэнэгийг сэргээж өгнө

-Буцааж OFF болгоод, машинаа асаана. Ингэхдээ мэдээж паараа AUTO горимд шилжүүлнэ. Учир нь мотор халаагүй учраас радиаторын хөргөлтийн шингэн халаагүй. Мэдээж радиаторын хөргөлтийн шингэн халж байж паар халуун үлээнэ. Машинаа халаах явцдаа хропны речакаа D дээр тавьбал мотор ачаалал авч, хурдан хална. Халж эхэлж буй машинаа хөдөлгөхдөө эхний 300-400 метр газар маш удаанаар явахыг зөвлөж байна. Учир нь хөлдүү байгаа амортизатораа ажиллагаанд зөөлнөөр дасгах хэрэгтэй. Энэ нь эд ангийн эвдрэл, гэмтлээс урьдчилан сэргийлэх чухал ач холбогдолтой. Ингээд машин бүрэн халж хөдөлгөөнөө хэвийн үргэлжлүүлж эхэлсэн бол паарны температурыг 26-28 дээр тавьж, температурын зураасыг гурав дээр байлгавал шатахуун зарцуулалтад эергээр нөлөөлнө.

Асахгүй байгаа машиныг дахин дахин дарах, улмаар хааз гишгэж баяжуулах, түүнээсээ болж свечэг тайлан галаар тэслэх, машины доор гал түлэх мэтийн бүдүүлэг зөвлөгөөг мэргэжлийн хүмүүс өгдөггүй.  Учир нь гал түлж асаах гэж байгаад машинаа шатаачихсан олон тохиолдол гардаг байна.

Эцэст нь санаж явах ганц дүрэм бол нэгэнт асахгүй байгаа бол хүчилж асаах хэрэггүй.

Автомашинаа хэрхэн хөлдөөхгүй байх вэ? 

Дулаан гарааш бол шилдэг шийдэл. Өвөл хэн жаргалтай вэ? Дулаан зогсоолд байгаа машин жаргалтай. Ямар ч тайлбар хэрэггүй энэ шийдэл бүгдэд ойлгомжтой. Тэгвэл дулаан гараашд хонуулах боломжгүй жолооч нарт зөвлөөхөд, сайн чанарын дулаан хучлага бол сайн шийдэл юм. Олон жилийн туршлагаар батлагдсан тул гагцхүү сайн хучлага авахыг хичээгээрэй. Учир нь гадаа -30 хэм хоноход хучлага дотор -17 хавьцаа байдаг байна. Хучлагатай үед анхаарах ганц зүйл нь найман цагаас илүү байлгавал гадаах температуртай ялгаагүй болдог аж. Өөрөөр хэлбэл аажмаар дулаанаа алдаж байдаг тул олон хоногоор тавих хэрэггүй гэдгийг анхааруулъя.

Мөн машинаа гадаа хонуулдаг жолооч нар маань “ардын” янз бүрийн аргуудыг зөв хэрэглэж сураарай. Яндангаа бөглөх, асаахын өмнө батарейгаа халаах, машин асаах үеийн зарим дүрмүүд, ассаны дараа мотор, кропоо халаах, эхний хөдөлгөөнийг хийх гэх мэт дээр дурдсан аргуудыг туршиж үзээрэй.

Ид өвлийн хүйтэнд машинаа угаалгах хэрэггүй. Норсон олон эд анги барьцалдан хөлдөж өглөө нь маш эвгүй үр дүн гарах тохиолдол бий. Гагцхүү дулаан гараашид хонуулах бололцоотой үедээ л угаалгаж байгаарай. Ид хүйтэнд машинаа гадаа хонуулахдаа гар тоормос татах хэрэггүй байдаг. Халсан наклад дисктэйгээ наалдан хөлдөж, хөдлөх үед дискээ хагалах харамсалтай тохиолдол гардаг байна.

Дохиололтой асаагч суурилуулах нь тун дажгүй шийдэл юм. Сүүлийн ганц зөвлөгөө бол өвлийн улиралд талаас дээш шатахуунтай байлгаж хэвшээрэй.

Туршлагатай жолооч тал болоод ирэхээр нь дүүргэдэг юм. Хэзээ ч шар гэрэл асаадаггүй.

Comments


bottom of page