top of page

Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Филиппин бүсгүй Терилл Атиензагийн хэргийг сэргээн шалгах бүрэн боломжтой

  • Dec 15, 2025
  • 1 min read

Монгол Улсад ажиллахаар ирээд айлын гэрт амиа алдсан Филиппин улсын иргэн Терилл Атиенза-гийн хэргийг сэргээн шалгуулах хууль, шүүхийн ажиллагаанд өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн эрх зүйн туслалцаа үзүүлэхээр болжээ.

Энэхүү асуудал нь сэтгүүлч С.Будрагчаа болон түүний эрэн сурвалжлах нэвтрүүлгийн багийн зүгээс гаргасан хүсэлтийн дагуу яригдсан бөгөөд уг хүсэлтийг үндэслэн холбогдох хууль зүйн фирм өмгөөлөл үзүүлж ажиллахаар болсон байна.

14 жилийн өмнө буюу 2011 оны арваннэгдүгээр сард гарсан уг хэрэг “одоо сэргээн шалгах боломжтой юу” гэсэн олон нийтийн анхаарлыг татсан асуултыг дагуулж буй. Өмгөөлөгчийн тайлбарласнаар, Монгол Улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хүрээнд уг хэргийг сэргээн шалгах бүрэн боломжтой аж. Иймд хамгийн түрүүнд хэргийн материалтай танилцах хүсэлтийг гаргаж, үүний дараа эрх бүхий байгууллагуудад гомдол, хүсэлт хүргүүлэхээр төлөвлөжээ.

Хүн амины онц ноцтой гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 25 жил хүртэл байдаг. Харин Терилл Атиенза-гийн хэргийг 2012 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр прокурорын шийдвэрээр “гэмт хэргийн шинжгүй” хэмээн үзэж хаасан байдаг аж.

Гэсэн ч хуульч, өмгөөлөгчдийн зүгээс уг хэрэгт эрүүгийн хэд хэдэн гэмт хэргийн шинж байж болзошгүй гэж үзэж байна. Тодруулбал, бусдыг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх, хүн худалдаалах, нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлэх, хуурамч дүгнэлт гаргахтай холбоотой авлига, ашиг сонирхлын гэмт хэрэг, мөн эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөлүүдийг дурдаж байна.

Гэхдээ хэргийг ямар зүйл ангиар шалгах, ямар хүрээнд дахин нээх нь прокурор болон эрх бүхий байгууллагын бүрэн эрхийн асуудал болохыг өмгөөлөгч онцоллоо. Мөн хэрэг шалгах хугацаа хэдий хэр үргэлжлэхийг одоогоор таашгүй байгаа аж.

Өмгөөллийн багийн зүгээс үйлчлүүлэгчийн хүсэл зоригийг бүрэн хүндэтгэн, тэдний саналыг үндэслэн холбогдох байгууллагуудад шаардлага, хүсэлтээ уламжилж ажиллахаа мэдэгдэв. Терилл Атиенза-гийн ар гэрийнхэн шударга ёсыг тогтоолгохоор Монгол Улсад ирсэн бөгөөд уг хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.



Comments


bottom of page